DARHAN AVARGA Agvaansamdangiin SUHBAT , Дархан аваргa А.Сүхбат 1-p хэcэг

БӨХӨӨС ОЛОН САЙХАН ЗҮЙЛИЙГ АВСАН
-Та анх Монгол Улсын гавьяат дас­гал­жуулагч О.Цэрэн­дагва багшийн шавь болж, “Хоршоолол” нийгэм­лэгт хичээллэж эхэлсэн юм билээ. Хэдэн он билээ?
-1986 он. Би талийгаач эгчээсээ бөхийн секцэнд оруулж өгөхийг гуйдаг байлаа. Тэгж л О.Цэрэндагва багшийн чөлөөт бөхийн секцэнд орсноор миний амьдралд их өөрчлөлт гарсан. Би зорилготой, хичээл зүтгэлтэй, амьдралыг өөр өнцгөөс хардаг болж, боловсролтой, ёс зүйтэй байхыг ойлгосон. Би бөхөөс олон сайхан зүйлийг авсан.
-Таныг Хонхороос “Хоршоолол” руу гүйж ирж бэлтгэл­дээ ордог байсан гэдэг?
-20 гаруй км гүйж ирээд бэлтгэлд орно гэдэг хэцүү л дээ. Харин багшаасаа зөвшөөрөл авч байгаад кросс гүйлтээр гэр рүүгээ харьчихдаг байсан. Ер нь Б.Гантогтох бид хоёр бусдаасаа илүү их тэсвэр суусан. Бэлтгэлийн дараа бид хоёрыг салгаж, хоолонд авч явдаг байлаа. Байрлаж байхад хоолны цаг болчихоод байдаг, хоолны газар хаах гээд байдаг, бид хоёр ноцолдоод салдаггүй. Тийм л байсан. Хоорондоо тасралтгүй гурав, дөрвөн цаг барилдчихна.
-Х.Баянмөнх аваргад тоогд­сон нь хэдэн он билээ?
-1987 оны өсвөр үеийн УАШТ юм. Миний ах А.Батсүх (Монгол Улсын манлай уяач) Политехникийн дээд сургуулийн нэр дээр 18, би Найрамдлын районы нэр дээр 16 хүртэлх насны ангилалд барилдсан юм. Тэгэхэд аварга багш ирээдүйтэй хүүхдүүдийг “Шонхор” клубтээ бүртгэж авсан. Ингэж л ах бид хоёр аваргад тоогдсон доо.
-Хэн нэгэн таныг аварга цол хүртэж, өнөөдрийн өндөрлөгт хүрэхийг таамаглаж байсан уу?
-Би багадаа шальдаггүй байсан юм аа. 1987 оны үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д 31 бөх тойргоор барилдсан юм. Тэгэхэд би 15 давж, 15 унаж, 15 дугаар байрт орсон (инээв). Тухайн үед намайг аварга цол хүртэнэ гэж олон хүн бодоогүй байх. Харин У.Мижиддорж арс­лан л “Ээ дээ чи том бөх болно шоо. Бөхөө хаяж болохгүй шүү, хичээгээрэй” гэж надад урам өгдөг байсан. Би 1989 онд залуучуудын шигшээ багт орохдоо өсвөр үе, залуучуудын УАШТ-ээс долоон алтан медаль хүртээд байлаа.
-Х.Баянмөнх аваргын тухай яриач?
-Аварга багш минь бидний төлөө олон жилийн хөдөлмөр, цаг зав, сэтгэл санаагаа зориулсан. Бидний аав, ээжийг орлосон үнэхээр шүтээн минь. Нутаг нутгийн энэ олон хүүхдийг чиглүүлж өгч, гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүр­гэж өгсөн баг­шаараа үнэхээр их бахархаж явдаг. Монголын ард түмэн миний багшийг “Бөхийн одонд төрсөн хүн” гэж ярьдаг. Бид багшийнхаа энэ сайхан буян хиш­гийг хүртсэнээрээ сайн сайхан явна.Та улсын наадамд анх хэдэн онд зодоглосон юм бэ?
-1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн түүхт ойгоор зодоглож, хоёрын даваанд О.Балжинням аваргад өвдөг шороодсон. Намайг хаясан бөх тэр наадмаар түрүүлсэнд бэлгэшээж байлаа. Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн түүхт наадамд дандаа амны хишигтэй бөх түрүүлсэн байдаг. Би 1991 онд хүүхэд байсан ч бэлтгэл дээр О.Балжинням аваргыг хаядаг л байсан.
-Та 1993 оны улсын наадмаар зургаа давж, өсөх идэр начин цол хүртсэн. Долоогийн даваанд Д.Мөнх-Эрдэнэ арслантай сайн барилдсан ч давж чадаагүй. Улсын цол хүртлээ гэж баяр­лах, заан цолд хүрч чадаагүйдээ харамсах хоёрын аль нь дийлж байв?
-Тийм ээ. Заан цолны бос­гыг давж чадаагүй. Надад ирээдүй бий, үүний тулд бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, олон дархан мэхтэй болох хэрэгтэйг ойлгосон.
-Б.Гантогтох гарьд 1994 онд П.Сүхбат гарьдыг гайхалтай мэхээр өвдөг шороо­дуулсан. Энэ мэхээ тантай бэлтгэдэг байсан уу?
-Ер нь манай Ганаа хөлд ороод даллах мэхийг хүүхэд байхаасаа хийдэг байсан. Тэр мэхээ тэр наадмаар маш онцгой сайхнаар хийж чадсан. Энэ бол ховор мэх, ховор барилдаан.
-Таныг 1997 онд өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргыг давж байсныг мэдэх юм. Үүнээс өмнө аваргыг хазайлгаж байв уу?
-Анх 1992 оны аравдугаар сард болсон Х.Баянмөнх аварга багшийнхаа хөдөлмөрийн баатар цолны мялаалгын барилдаанд хөлийг нь авч давж байсан.

Пікірлер

    Келесі